Үзэгч, сонсогч, уншигчдынхаа сэтгэлийг уран яруу үг, уянгалаг сайхан аялгуу, сэтгэл хөдөлгөм тоглолтоороо мялааж байдаг урлагийнхан жинхэнэ сайн уран бүтээл хийхийн тулд бүхий л авьяасаа зориулдаг. Гэсэн ч тэдний олонх нь “бүтээл” гэдэг үгийг хэлэхээс эмээнэ. Зургаан үсэгтэй энэ үг тэдний хувьд үнэ цэнэтэй. Ард түмний дунд түгж, алдаршуулсан дуугаа ч хөгжмийн зохиолч нь “бүтээл гэж хэлж болохгүй” гэхийг сонсож л байлаа. Авьяаслаг хэдий ч даруухан жинхэнэ уран бүтээлчдийн цагийн аясыг даасан, чансаатай уран бүтээлийг “Өнөөдөр” сонин цувралаар танилцуулахаар боллоо. Эхнийх нь Төрийн шагналт хөгжмийн зохиолч Эрэгзэнгийн Чойдогийн хөгжим, Төрийн шагналт, ардын жүжигчин Цэрэндуламын Сэвжидийн дэглэлт “Жалам хар”. .jpg)
Сүхбаатарын талбайн чанга яригчаар “Сэр сэр салхи” дуу явж, түүний айзамд тааруулах мэт нэгэн морьтой хүн хатируулж байхыг хараад Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид гуай энэ бүжгийг дэглэхээр болсон гэдэг. Тухайн үед тэмдэглэлт тэгш ойн баяруудад зориулан хэдэн жилийн өмнөөс байгууллага бүр шилдэг уран бүтээлээ бэлтгэдэг байсан бөгөөд “Жалам хар”-ыг Улс хувьсгалын 50 жилийн ой, В.И.Лениний мэндэлсний 100 жилийн ойг угтан 1968 онд Улсын ардын дуу бүжгийн чуулгын шинэ уран бүтээлийн төлөвлөгөөнд оруулжээ.
|