Энгийн ахуйгаас эрхэмсэг оршихуй хүртэлх үндэсний уламжлалыг бүжгийн урлагаар дамжуулан илэрхийлсэн хүн бол Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Сэвжид. Түүний туурвилыг гүйцэх бүтээл өнөө ч үгүй гэхэд хилсдэхгүй. “Адуучин залуус”-ын эрчтэй хуйлраа, “Хатад”-ын намбалаг төрх, “Монгол бүжгийн чуулбар”-т багтаасан олон үндэсний дэг жаягийг харж, үзэж байсан хүн бүр эдгээр бүжгийг мартахын аргагүй.
Тиймээс Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхан тоглолтоо монгол бүжгээр жаргаадаг уламжлалтай. Үзэгчдийг суудлаас нь босгож, сэтгэлийг нь хөвсөлзүүлдэг Монголын шилдэг бүжгүүдийг дээжлэн тус чуулгынхан ирэх сарын 4,5-нд “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолт хийхээр болжээ.
Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн дэглэсэн “Монгол бүжгийн чуулбар”, “Хөдөө нутгийн залуус”, “Хатад”, “Ээрүүлт”, “Жалам хар”, “Охидын уянга”, “Адуучин залуус”, “Саальчин”, түүний хүү, Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатарын “Шигшрэгт”, “Тоохуу госон”, “Цоглог залуус”, “Чичиргэнэ”, “Халх жонон”, “Дөрвөн Ойрдын уриа”, “Монгол угсаатны уламжлал” зэрэг бүжиг тоглолтын цөм нь болох юм. Мөн бүжиг дэглээч Д.Баярбаатарын “Жороон жороо”, “Бие чинь болъё”, “Аягат бүсгүйчүүд”, “Насны хайр”, гавьяат жүжигчин А.Даваах үүгийн “Салхин шувуу”, “Шилийн Богдын салхи” ч энэ тоглолтод багтаж буй.
Ахмад уран бүтээлч, “өвгөн багш”-ийнхаа урын санг өвлөн, дэг жаягийнх нь дагуу бүжиглэн уламжлуулж буйгаа харуулахаар Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг ангийн 50 гаруй бүжигчин бэлтгэлээ базааж буй. Энэ үеэр залуу уран бүтээлчид ч бүжгээ сонирхуулах юм. Тухайлбал, Х.Хашхүүгийн “Эс оршихуй”, “Уулынхан”, С.Цэцгээгийн “Испани”, О.Ууганбаярын “Тайгын цуурай” зэрэг орчин үеийн бүжгийн анхны үзэгч нь та байх боломжтой. АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байр, Парис хот дахь ЮНЕСКОгийн байранд ч эдгээр бүжгүүд хүрч, үггүйгээр үзэгчдийн сэтгэлийг хөгжөөж явсан юм.
|